Түүхийн дурсгалт газрууд
ЧИН ТОЛГОЙ
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чинтолгой" гэдэг эртний хотын энэхүү туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ. Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. ЧжэньЧжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Ляо /Кидан/ улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чань Чунь бомба үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхийг гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ.
Үнэхээр ч Чинтолгойгоос баруунтай Хадаасан-Харбухын балгас, зүүн тийш "Талын улаан" гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр "Чинтолгой", "Хар бух" хоёр нэгэн цаг үеийнх болох нь батлагдсанаас гадна "Талын улаан балгас" ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх судар ттэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ. Чинтолгой болон Хадаасан- Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтаи холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ.
ХАР БУХЫН БАЛГАС
Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийг анх XIX зуунд илрүүлсэн ба 1934, 1948- 1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малталгаа хийж байжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно.
Хотын хэрмийг шавар шороо дагтаршуулан дөрвөлжин хэлбэрээр босгосон бөгөөд дөрвөн талдаа хаалгатай, хэмжээ нь 0,5 х 0,5 км. Хэрмийг тойрсон суваг шуудууны ором олон илэрчээ. Хэрмийн доторх талбайг баруун, зүүн тийш чиглэлтэй гол гудамж зааглан хуваасны хоёр талаар сууцны байшингууд байсны зарим нь тусгай хэрэмтэй байсан аж.
Хотын туурийг малтан шинжлэх явцад илрэн гарсан шавар сав суулга нь IX зууны уйгурын дурсгалтай ижилсэх агаад эндээс олдсонтой адил хэлбэр маяг, хээ угалз бүхий сав суулга Хар мөрөн, Дорнод тэнгисийн зах нутгаар ч өргөн дэлгэр байсныг судлаачид тогтоосон байна.
Энэхүү балгасыг Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгасаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь төвөд барилгын арга маягтай байжэээ. Нутгийн ардын аман ярианд үүнийг “Номгүй хунтайж” хэмээх Цогт тайжийн байгуулсан орон сав гэдэг. Түүгээр ч барахгүй ХХ зууны эхэн үед үүгээр нутаглаж байсан Цогт тайжийн үрийн үр эелдэн засаг Норовжанцан ч мөн тэгж үздэг байжээ.
1970 оны малтлага судалгаагаар тус хотын нэгэн эвдэрхий суврагын нурангиас монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон нь эрдэм шинжилгээний хувьд гойд үнэтэй ховор олдвор юм. Эдгээр ном нь хэдэн арван нэр төрөл, 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглан гоёсон, хуудасны ар, өврийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гараар бүтээсэн зүйл байжээ.
Сонирхуулж хэлэхэд энэ газарт Монголын кино урлагийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Цогт тайж” киноны зураг авалтыг хийсэн байдаг.
ЦАГААН БАЙШИН
Цогт хун тайж эх Чин Тайху Тайгалын хамт 1601-1617 онд байгуулсан. Туулын цагаан байшин хэмээх номын өргөө-орд харш Дашинчилэн сумын нутагт Туул голын баруун талд байдаг. Энэ ордны дэргэдэх гэрэлт чулуун хөшөөнд (Монгол, түвд бичгээр) сэтгэшгүй чандмани сүмээс эхлэн 6 сүмийг төмөр үхэр жилээс гал могой жил хүртэл Монгол дархчууд барьж байгуулсан тухай сийлэн бичжээ. Шаазан вааран дээвэртэй, Туул голоос ус татдаг суваг хоолойтой байжээ. 1971 онд улсын хамгаалалтад авсан.