Товч танилцуулга
Сумын үүсэл хөгжил:
Булган аймгийн Дашинчилэн сум нь хуучнаар Үйзэн гүний хошуу ба Богдын их шавийн Эрдэнэ-Номун хааны отогт харъяалагдаж байсан. Ардын хувьсгалаас хойш 1924 онд Засгийн газрын түшмэл Жамъян хэмээх хүн ирж шинэ хошуу, сум 10 гэрийн захиргааг байгуулан “Чин ширээт Монгол уулын хошуу” хэмээн нэрлэсэн. Хожим нь Яргайт, Доргонт гэж нэрлээд даргаараа Соном зангийг сонгосон түүхтэй. Засаг захиргааны дахин хуваарилалтаар 1931 онд Дашинчилэн сум нэртэйгээр Төв аймгийн харьяанд байгуулагдаж 1938 оны 10 дугаар сард Сүүжийн голд нүүлгэн авчирч, төвийг нь Сүүж гэж нэрлэсэн. 1942 оны Засаг захиргааны хуваарилалтаар Булган аймагт харьяалагдах болжээ.
Засаг захиргаа:
Сум нь засаг захиргааны хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, анхан шатны нэгж 4 багтай. Үүнээс хөдөөгийн 3 баг, төвийн 1 баг байна.
Газар нутаг:
Улаанбаатар хотоос 227 км, Булган аймгийн төвөөс 147 км зайд алслагдсан. Төв аймгийн Заамар, Эрдэнэсант сум, өөрийн аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдтай хиллэдэг. Тал хээрийн бүсэд 231896 га газар эзлэн оршдог.
Газар зүйн онцлог:
Тус сумын нутаг дэвсгэр нь физик газар зүйн мужлалаар Хангайн нурууны зүүн хойд салбар уулсын дэд мужид хамрагдаж, Орхон-Туулын сав дагуу бэсрэг уул тал хээрийн бүсэд оршдог. Далайн төвшнээс дээш 948-1601 метрт өргөгдсөн, хамгийн нам цэг нь нутгийн хойд хэсэг Харбухын голын хөндий 948 м, хамгийн өндөр цэг нь төв хэсэгт Лах уул 1601 метрийн өндөртэй. Нам бэсрэг уулсын хооронд Бүрдийн дэнж, Хаяа, Бэлчэрийн хөндий, Хаахын хөндий, Бүдүүний хөндий, Харбух голын хөндий, Яргайтын хөндий, Шийр, Далын хөндий зэрэг олон сайхан өргөн уужим хөндийнүүд оршино. Газар хөдлөлийн эрчим 9 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Хүн ам:
Тус сум нь Хараат, Лах, Доргонт, Сүүж 4 багийн нийт 915 өрх, үүнээс малчин өрх 440, мал бүхий өрхийн тоо 190, 2949 хүн оршин сууж байна. Үүнээс сургуулийн өмнөх насны 323, 6-18 насны 761, ахмад 488, хөдөлмөрийн насны 1377 хүн байна. Төсвийн 6 байгууллагад 145 төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт хүн амын 29% буюу 854 нь сумын төвд, 71% буюу 2095 нь хөдөөд оршин суудаг.
№ |
Засаг захиргааны нэгж |
Хүн ам |
1 |
Хараат 1-р баг |
671 |
2 |
Лах 2-р баг |
978 |
3 |
Доргонт 3-р баг |
446 |
4 |
Төв 4-р баг |
854 |
Нийт хүн ам |
2949 |
№ | Засаг захиргааны нэгж |
Өрх |
1 |
Хараат 1-р баг |
189 |
2 |
Лах 2-р баг |
287 |
3 |
Доргонт 3-р баг |
141 |
4 |
Төв 4-р баг |
298 |
Нийт өрх |
915 |
Мал сүрэг:
Сумын хэмжээнд 171090 толгой малтайгаас:
- Тэмээ-80
- Адуу-15068
- Үхэр-13932
- Хонь-75530
- Ямаа-66480
№ | Засаг захиргааны нэгж |
Малын тоо |
1 |
Хараат 1-р баг |
39711 |
2 |
Лах 2-р баг |
85236 |
3 |
Доргонт 3-р баг |
34652 |
4 |
Төв 4-р баг |
11491 |
Нийт малын тоо |
171090 |
Дотоодын нийт бүтээгдэхүүн:
2024 оны гүйцэтгэлээр ДНБ 13262.2 сая төгрөг болж, өмнөх оноос 4627.2 сая төгрөг буюу 25.9%-иар буурсан байна. Сумын хэмжээнд 1447.9 тонн мах, 48.4 тонн ноолуур, 589.1 мянган литр сүү, 200.7 тонн ноос, 25427 ш арьс ширийг үйлдвэрлэж, өмнөх оноос мах-58.1%, арьс шир-40.1%, ноолуур-35% тус тус буурсан байна. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4.5 сая төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 0.7 хувиар буурсан байна.
Газар тариалан:
Дашинчилэн сум газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өрхтий трейд” ХХК, “Мүкү” ХХК, “Сорог төгөл” ХХК гэсэн 3 компанитай. Нийт эргэлтийн 2617.7 га талбайтай. Үүнээс “Өрхтий трейд” ХХК 2024 онд 870 га-д улаанбуудай, 20 га-д овьёос, 380 га-д рапс нийт 1260 га-д тариалалт хийж улаанбуудай 850 тн, овьёос 15 тн, рапс 210 тн нийт 1075 тн ургац, “Сорог төгөл” ХХК нь 28.1 га талбайгаас 15000 кг чацаргана хураан авсан байна.
Төмс, хүнсний ногоо тариалдаг, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг давхардсан тоогоор 84 иргэн байна. 2024 оны төмс 29 иргэн нийт 6 га талбайд тариалалт хийж 16.3 тн ургац, хүнсний ногоо 30 иргэн нийт 5 га талбайд тариалж 13.4 тн ургац хураан авсан. Хүлэмжний аж ахуй эрхэлдэг 10 иргэн улаан лооль 0.1 га-д тариалж 1.2 тн ургац, өргөст хэмх 0.2 га-д тариалж 1.66 тн ургац нийт 2.86 тн ургац хураан авсан байна. 2024 онд нийт газар тариалангийн салбарт 1309.1 га-д тариалалт хийсэн байна.
Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд:
Сумын хэмжээнд шинээр нийт 45 хоршоо байгуулагдаж, 43 хоршооны 171 малчин өрх нийт 7,1 тэрбум төгрөгний хөнгөлттэй зээлд хамрагдсан байна.
Дулаан хангамж:
Сумын нэгдсэн халаалтыг “Дулаан баян хайрхан” ХХК 2020 оны 12-р сараас эхлэн хариуцаж үйл ажиллагаа явуулж байна. Уг компани 1 инженер, 8 галчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрсөн халаалтад 12 айл өрх, 6 төсөвт байгууллага, 8 хүнсний дэлгүүр, 7 ААНэгж холбогдсон байна.